A A A

Германы нэрт физикч, Нобелийн шагналтай Макс вон Лауэгийн шагналыг өнгөрсөн хавар хүртэж, үүнтэй нь холбоотойгоор “Билд” сэтгүүлийн албан ёсны цахим хуудаснаа Л.Баяржаргалын тухай мэдээлэл гарсан цагаас хойш монголчууд бид төдийгүй дэлхий даяар түүнийг мэддэг болсон билээ.

Залуу эрдэмтэнтэй ярилцлага хийхээр National Geographic Монгол төслийнхөн нэлээд хүчин чармайлт гаргасны эцэст цахим шуудангийн хаягийг нь олж авч, ярилцлага хийх хүсэлтээ тавьсан юм. Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн Л.Баяржаргалд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн Л.Баяржаргалын цахим шуудангийн хаягийг өгсөн, түүнтэй хамтран ажилладаг Герман эрдэмтэн Б.Винклерт ч талархах нь зүйтэй билээ.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1975 оны 3-р сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн.
Герман улсын Франкфурт хотын Гетегийн их сургуулийн геологийн шинжлэх ухааны сургуулийн дэд профессор.
1992-1996 онд МУИС-ын Физик Электроникийн сургуулийг (одоогийн нэр) төгссөн. (Дипломын ажлын нэр-Вольфрамитийн кристалл бүтэц)
1996-1997 онд Герман улсын Хумбольдтын их сургууль, 1997-2001 онд Берлиний техникийн их сургуульд сурсан.
2002-2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшилж байв.
2003-2006 онд Кельнийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. (Сэдэв: Нам тэгш хэмтэй кристаллийн шугаман ба шугаман бус оптикийн шинж чанар)
2006 оноос хойш Гетегийн их сургуульд ажиллаж байна.
Компьютерийн мэдлэг: Matlab, Labview, C, C++,Visual Basic, Fortran, Matchad. Герман, англи, орос хэл мэднэ.


Лхамсүрэнгийн Баяржаргалаар монголчууд бид бахархахгүй байхын аргагүй. Эрдсийн ертөнцийн хамгийн хатуу алмаазыг хамгийн зөөлөн бал чулуунаас гаргаж авна гэдэг эрдэмтэн бүрийн чадах хялбар “боорцог” биш нь тодорхой. Тэр тусмаа асар их эрэлт хэрэгцээтэй алмаазыг хиймлээр гаргаж авахаар олон улсын олон арван эрдэмтэд ажиллаж буй энэ цаг үед.

 

 

- “Билд” сэтгүүлийн цахим хуудаснаа таны хийсэн шинэ нээлтийн талаар мэдээлэл гарсанаас хойш монголчууд таныг сайн мэддэг болсон. Гэвч хүмүүс энэ талаар мэдээлэл хомс байгаагаас сайн ойлголтгүй байх шиг байна. Зарим хүмүүс алмааз гаргаж авах боломжгүй ч гэж яриж байсан. Тийм болхоор юуны өмнө та энэ нээлтийнхээ талаар манай уншигчдад танилцуулна уу?
- Алмаазийг бал чулуунаас (графит) өндөр даралт ба температурын тусламжтайгаар эсвэл “chemical vapor deposition” гэдэг аргаар гарган авч болдог. Эдгээр аргыг 60-аад жилийн өмнөөс хэрэглэж ирсэн юм. Байгаль дээрээс олдсон алмааз нь голдуу кимберлит нэртэй чулуулаг дотор байдаг. Тэр чулуун доторх бал чулуу нь газрын гүний өндөр даралт ба температурын улмаас алмааз болж хувирсан гэсэн үг.

- Туршилтандаа яагаад кальцитыг сонгож авч хэрэглэсэн бэ? Өөр материал ашиглаж болох байсан уу?
- Узбекистан болон Испанид шохойн чулуу ихээр агуулсан эрдэс дотроос алмааз олдсон байдаг юм. Энэ нь өмнө олдож байсан кимберлит төрлийн алмаазнаас өөр байсан. Үүний учрыг олохын тулд бид кальцитыг сонгож авсан хэрэг.

- Алмаазыг лабораторид хэд хэдэн улсад хиймлээр гаргаж авдаг гэдэг. Танай багийн нээсэн арга тэдгээрээс юугаараа ялгаатай вэ? Таны энэ шинэ аргын практик ач холбогдол нь юу вэ?
- Анх алмаазыг кальцитаас гаргаж авсанаараа бусдаас ялгаатай, онцлог. Мөн алмааз үүсэх нөхцлийг ойлгож авахад ч энэхүү шинэ аргын ач холбогдол нь оршиж байгаа гэж дүгнэж болно. Хэрвээ үүнийг ойлгож, тайлбарлаж чадвал шинээр алмааз ургуулж болно эсвэл шинэ төрлийн алмаазын ордыг тусгайлан хайж олох нөхцөл бүрдэх юм.

- Хэрэв хэмжиж болдог бол та бүхэн нийт хэдэн грамм алмааз гаргаж авсан бол? Зарим хүмүүс ийм аргаар алмаазтай болоод амархан баяжиж болно гэж бодсон бололтой.
- Магадгүй микрограмаас ч бага жинтэй байх. Энэ гаргаж авсан алмазыг зараад баян болно гэж байхгүй л дээ. Харин алмааз ийм аргаар үүсдэг юм байна шүү гэдгийг ойлгож авсан мэдлэгээ ашиглан алмааз ургуулж болно эс бөгөөс ийм төрлийн алмаазын ордыг олж чадвал баян болж магадгүй юм даа.

- Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таныг манай уншигчид, ер нь монголчууд маань сайн мэдэхгүй болхоор Баяржаргал гэж хэн болох талаар асуух гэсэн юм. Та яагаад эрдэмтэн судлаач болохоор шийдсэн бэ? Үүнд аавын тань нөлөө байсан болов уу гэж бодож байна?
- Мэдээж аавын маань нөлөө байгаа. Би бага байхаасаа аавынхаа ажлын өрөө болон эрдэс минералын музейгээр байнга очиж, тэнд байсан олон сонин, өнгөтэй чулуунуудыг хараад л эрдэс, чулууг сонирхож эхэлсэн. Мөн аавыгаа дагаж эх орныхоо олон сайхан нутгаар геологийн ангитай хамт аялаж явахдаа байгалийн сайхныг мэдэрсэн юм. Ингэж л эрдэс, чулуулгийг сонирхож, аав шигээ тэдгээрийг судалдаг эрдэмтэн хүн болох юмсан гэсэн мөрөөдөлтэй болсон доо.
(Л.Баяржаргалын аав Б.Лхамсүрэн гуай бол Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдэс минералын музейн эрхлэгч, доктор хүн билээ).

Л.Баяржаргал лазерийн лабораторидоо өндөр даралт гаргадаг алмаазан багаж бариад зогсож байна. Уг багажийн англи нэр нь "diamond anvil cell".Энэ хоёр нь алмаазнаас бүтдэг бөгөөд түүн дотроо кальцит хийгээд лазераар халаажээ.

- Та Герман улсад их олон жил ажиллаж, амьдарч байна. Анх яагаад энэ улсад ирсэн талаараа сонирхуулна уу?
- Би анх 1996 онд Берлиний Хумбольдтын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн хоорондох нэг жилийн хугацаатай оюутан солилцооны шугамаар Германд ирсэн. Энэ тэтгэлэгийг авах, Германд суралцах боломжийг олгосон профессор Б.Бурмаа багш, профессор Д.Сангаа багш болон доктор И.Ваеш (Хумбольдтын их сургууль) нартаа баярлаж талархаж явдагаа энэ дашрамд танай вэб сайтаар дамжуулан илэрхийлье.

 

- Та одоо Германд ямар байгууллагад, ямар албан тушаал дээр ажиллаж байна вэ?
- Би одоо Франкфурт хотын Гетегийн их сургуулийн геологийн шинжлэх ухааны институтад германаар “Akademischer Rat” гэдэг орон тоон дээр ажиллаж байна. Зүйрлүүлвэл дэд профессор гэсэн орон тоо болох юм уу даа.

- Та олон жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Өнөөгийн байдлаар та хамгийн бахархам амжилтэс бөгөөс хамгийн баярлам мөчийнхөө талаар өгүүнэ үү?
- 2006 онд Франкфурт хотод анх ирсэнээс хойш энэ улсад нэлээд олон жил ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийжээ. Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа өндөр даралт ба температурын лабораторийг Гетегийн их сургуульдаа байгуулж, олон жилийн туршлагатай бусад орны эрдэмтдийн багуудтай дэлхийн түвшинд өрсөлдөж байгаагаара их бахархдаг гэж хэлж болох юм.
Мөн лабораторио байгуулсныхаа дараа лазераар халаасан өндөр даралтын анхны туршилтыг хийчихээд их баярлаж байсан.

- Миний ойлгосноор та олон орны судлаачдаас бүрдсэн багийг ахалж ажилладаг. Ийм олон мундаг залуусыг ахалж ажиллах өндөрлөгт хүрнэ гэдэг амаргүй байх. Та хэрхэн ийм амжилтанд хүрсэн талаараа манай залууст сонирхуулна уу?
- Миний бодлоор хүн амьдралдаа хоёр сонголтыг л зөв хийх хэрэгтэй. Тэр юу гэвэл гэр бүл болон ажил мэргэжил. Энэ хоёр зүйл хүний амьдралд насан туршид нь нөлөөлдөг учраас ингэж хэлж байгаа юм. Хэрвээ та хань ижлээ зөв сонговол аз жаргалтай байх болно. Харин та мэргэжлээ зөв сонговол амжилтанд хүрнэ. Тиймээс “хэрвээ та өөрийнхөө дуртай ажил мэргэжлийг сонгож чадвал дахин ажил хийх хэрэггүй” гэсэн үгийг энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст хүргэе гэж бодлоо. Ажил хийж байхдаа би ажил хийж байна гэсэн сэтгэгдэл төрөхгүй л байвал энэ амжилтанд хүрэхийн тань эхлэл болно шүү.

- Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?
- Миний эхнэрийг Д.Отгончимэг гэдэг. Бид хоёр их сургуульд суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон юм. Манайх хоёр охинтой. Арын албыг минь найдвартай авч явж, охидоо өсгөж хүмүүжүүлэх үүргийг сайн биелүүлж яваа эхнэр маань миний амжилтын нэг чухал хэсэг, тиймээс эхнэртээ баярлаж явдагаа энэ дашрамд хэлье.

- Та судалгааны ажлаа хийхээс гадна багшилдаг. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Тийм ээ, би Гетегийн их сургуульд долоо хоногийн мягмар, пүрэв гарагуудад магистрантурт болон бакалавр сурч буй оюутнуудад хичээл заадаг. Мөн Докторантын ажилыг удирдаж зааж зөвлөдөг. Бусад өдрүүдэд нь лабораторидоо ажиллана даа. Харин амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ цуг байхыг хичээдэг. Отгон охин маань жаахан учраас хамт тоглох, асрах гээд аавын ажлаа хийнэ.
Харин чөлөөт цагаараа салхинд гарах, теннис тоглох дуртай.

Монгол хүний ухааны цар хүрээг дэлхий дахинд таниулж яваа олон мундаг залуусын нэг болох Л.Баяржаргалтай хийсэн ярилцлага маань ийн өндөрлөж байна. Цагийг яс баридаг Герман улсад ажиллаж буй түүнтэй цаг тохирон онлайнаар хийсэн ярилцлагаа файл болгон бичиж авсан ч алдаа гаргаж, тааруухан бичлэг хийгдсэн учир түүнийгээ ашиглаж чадаагүйдээ одоо ч харамссаар. Тиймээс Л.Баяржаргалтай ахин холбогдож, мэйлээр ярилцлага хийсэн маань энэ. Нэлээд товчхон болсон бол уншигч танаас хүлцэл өчье.

Гэхдээ олон монгол хүний бахархлыг төрүүлсэн эрдэмтэнтэй таныг товч атугай танилцуулсан гэдэгтээ итгэлтэй байна.
Ярилцлагынхаа төгсгөлд нийт уншигчдынхаа өмнөөс Л.Баяржаргалдаа улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөж, өөрийн хүсч зорьж яваа эрхэм зорилгодоо хүрч, Нобелийн шагналын эзэн болохыг хүсье.
Л.Баяржаргалын хийсэн туршилтын видео

Эх сурвалж: https://www.news.mn/r/150650

Нийтлэлийг: Н.Энхбаяр
Гэрэл зургийг: Л.Баяржаргалын хувийн архиваас