A A A

ХБНГУ-ын Мюнхэн хотын Людвиг-Максимиллианы их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Гүнцэцэгийн Монголдоо түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм. Штутгарт хотын Монгол академичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр бие нь харьд ч, сэтгэл нь Монголдоо байдаг, элэг нэгт монголчуудтайгаа хамтран эх орондоо тустай олон сайн үйл бүтээж яваа залуусын нэг. Хэл шинжлэлийн мэргэжилтэй түүний ажил мэргэжлийн талаар ярилцлагаа эхэллээ.

-Та Мюнхэн хотод ямар судалгааны ажил хийж байна вэ?

-Мюнхэн хотын Людвиг-Максимиллианы их сургуулийн Финлянд Унгар хэл судалдаг институтад ажилладаг. Манай институтын профессор нь Сибирийн орос хүн. Тэр хүн Орост байхдаа монгол хэл, ялангуяа буриад хэлийг судалж, докторын зэрэг хамгаалсан юм билээ.

Тэр хүний хамгийн анхны судалгааны ажил нь байсан учир Монгол хэлний судалгаагаа орхих дургүй. Хэдийгээр өөр хэлний институт ч гэсэн монгол хэлний судалгаагаа үргэлжлүүлэн хийж, судалгааны төслүүд бичдэг. Би тэр төсөлд нь 2012 оны хоёрдугаар сараас ажиллаж байна.

Ер нь ажиглаад байхад манай монгол эрдэмтдийн хийсэн судалгааны ажлыг олон нийт, дэлхий нийтийн хүртээл болгох зам нь хаагдмал. Зөвхөн их сургуулийн хэдхэн оюутан унших төдийгөөр хязгаарлагдаж байгаа харамсалтай.

-Таны ажиллаж буй сургуульд монгол хэл судалдаг өөр хүн байдаг уу?

-Мюнхэнд ажиллаж эхлэхээс өмнө би Штутгарт хотын Их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимд ажиллаж байлаа. Тэр үед хоёр дахь ажлын санал ирэхэд нь би хоёр ажлаа зэрэг хийсэн. Штутгартын төслийн ажил өнгөрсөн зургадугаар сард дууссан. Штутгартын их сургуульд монгол хэл судалдаг хүн надаас өөр байгаагүй.

-Судалгааны ажлын тань сэдэв юу вэ?

-Би Герман судлал, хэл шинжлэл гэсэн хоёр сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь докторын ажлаа зөвхөн хэл шинжлэлийн салбарт хийсэн л дээ. Ерөнхий хэл шинжлэлийн онолыг орчин үеийн монгол хэлтэй харьцуулан судалсан. Миний судалгааны ажлын сэдэв нь “Монгол хэлний заахын тийн ялгалын үүрэг роль”.

Хүмүүс тийн ялгал гэхээр хэлний нэг дүрэм л гэж боддог. Монгол хэлний заахын тийн ялгал хэл шинжлэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Заахын тийн ялгалын үүрэг бусад хэлэнд монгол хэл шиг тодорч гардаггүй. Жишээлбэл, Туслах үйл үгийн тусагдахуун гишүүн өгүүлбэр байна. “Би энэ сэтгүүлийг унших дуртай”.

Тэгэхээр энэ өгүүлбэрт “энэ сэтгүүлийг” гэж тодорхой заасан учир заахын тийн ялгалыг заавал хэрэглэнэ. Харин “Би сэтгүүл унших дуртай” гэвэл тодорхой бус учир заахын тийн ялгал хэрэглэхгүй. Монгол хэлэнд байдаг бусад хэлэнд ажиглагдаагүй бас нэг зүйл бол нийлмэл гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн заахын тийн ялгалд байдаг.

Жишээ нь, “Би чамайг Герман явахыг мэдсэн” гэдэг бол Европын бусад хэлэнд “Би чи Герман явахыг мэдсэн” гэх жишээтэй. Энэ ялгааг хэлэхэд хэл шинжлэлийнхэн гайхаад байдаг. Яахаараа өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн заахын тийн ялгал авдаг юм гэж гайхдаг. Үүнтэй төстэй дүрэм япон хэлэнд илэрдэг гэхдээ гол өгүүлбэрийнх нь үйл үг тусах үйл үг байдаг, тусагдахуун гишүүн авдаг.

-Монгол хэл маш баялаг, яруу тансаг гэдэг. Энэ нь таны бусад хэлтэй харьцуулан судалгаа хийх явцад ажиглагдаж байна уу?

-Монгол хэл арвин баялаг үгсийн сантай хэл гэдэг нь үнэн. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Манай монгол хэлний мал аж ахуй, хөдөө аж ахуй гээд нүүдэлчин ахуйтай холбоотой үгсийн сан бол үнэхээрийн арвин баялаг. Гэтэл монгол хэлэнд хийсвэр утгатай үгсийн сан баялаг биш. Гүн ухаан, сэтгэлгээний хийсвэрлэлийг өгүүлсэн үгсийн сангаар жишээлбэл, герман хэлтэй харьцуулахад учир дутагдалтай.

Тэгэхээр хэл болгон өөр өөрийн шинж чанар, онцлогтой болох нь эндээс харагдаж байгаа юм. Би цаг хугацаа заасан байц гишүүн өгүүлбэрийг судалдаг. Дүрэм хэлзүйн талаас монгол хэлний нэг гоё нь Жишээлбэл, Би чамайг хичээлээ хийсний дараа явна гээд өгүүлбэр байлаа гэхэд “Дараа“ гэсэн хугацаа заасан утгыг герман, англи хэлэнд “after, nachten” гэсэн нэг л үгээр илэрхийлдэг. Гэтэл монгол хэлэнд маш олон боломж байдаг. Миний судалгааны ажлын гол зорилго нь энэ олон төрлийг харьцуулан, утгын ялгааг нь судалдаг.

Эх сурвалж, ярилцлагыг бүрэн эхээр нь унших : http://news.gogo.mn/r/154198