A A A

2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өнгөрсөн амралтын өдрүүдэд ХБНГУ дахь Монголчуудын дунд зохион явуулдаг Берлин хотын “Цог“ Монгол спорт клубийн нэрэмжит „Эв нэгдэл – Нөхөрлөл V – 2017“ тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 

Жил бүрийн 11 сард зохион явуулдаг товыг наашлуулсан нь Европ дахь Монголчуудын дунд удахгүй Австри улсын Вена хотод болох сагсан бөмбөгийн тэмцээн, Бельги улсын Гент хотод болох Волейболын тэмцээн, мөн Польш улсын Вроцлав хотод болох Хөх-Толбо нээлттэй тэмцээнийг угтаж ХБНГУ – дахь багууддаа  сорил тэмцээний хэлбэрээр зохион явуулах болсоноо ерөнхий зохион байгуулагч Цог клубийн тэргүүн Эрдэнэцогт цохон тэмдэглэв. 

Уг тэмцээний нээлтийн үеэр Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат ГХЯ, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-ны хамтран зохион байгуулсан “Миний Монгол Наадам 2017” уралдаанд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Бранденбург муж улсын Шөнефельд дүүрэг, ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-тай хамтран зохион байгуулсан „Монгол Наадам“ анх удаагаа тэргүүн байр эзэлсэн тул уралдаанд тэргүүн байр эзэлсэн төрийн бус байгууллагуудад ЭСЯ-ны талархал болон ГХЯ-ны шагналыг гардуулав. 

Мөн Монгол улсын Биеийн тамир спортын газрын Европ дахь төлөөлөгч С.Баясгалан Европт болж буй спортын бүхий л төрлийн арга хэмжээ төдийгүй Олон улсын тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдад байнга дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Hotel am Buschkrugpark буудлын ийн захирал Ц.Уртнасанг биеийн тамир спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол улсын засгийн газрын агентлаг „Биеийн тамир спортын газрын шагнал“ - аар урамшуулан шагнасан болохыг гардууллаа.

Энэ жил 5 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээн Сагсан бөмбөг, Волейбол, шатар гэсэн 3 төрлөөр явагдсан ба сагсан бөмбөгийн 15 баг, волейболын 5, шатрын 10 тамирчид авхаалж самбаагаа сорин нэгэн спорт амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ.